Wednesday, February 15, 2017

Албан бичгийн найруулгын тухай, албан бичгийн болон утга зохиолын ялгаа, албан бичгийн хэл

Албан бичгийн найруулгын тухай үүсэл, хөгжил
Монголчууд албан бичгийн үүслийг маш эртний уламжлалтай хэмээн үздэг. Эдүгээ бидэнд мэдэгдэж буйгаар албан бичгийн уламжлал нь албан захидлаас үүсэлтэй бөгөөд тэдгээр нь бүрэн эхээрээ бидний гар дээр уламжлагдан ирээгүй ч бусад эх сурвалж, баримт хэрэглэгдэхүүнээс үзэхэд, их бага хэмжээгээр хадгалагдан үлдсэн нь тодорхой байдаг. Албан бичиг захидлын хамгийн анхны эх сурвалж нь МЭӨ 192-р онд Хүннү улсын хаан Модун Шаньюгаас Дундад улсын хатан Гао-хэү-д илгээсэн албан захидал юм. Энэ нь бидний эх хэлээр биш, харин нангиад буюу хятад орчуулгаар уламжлагдан ирсэн бөгөөд одоо Оросын холбооны улсын Ленинград хотын Дорно дахины судлалын Эрмитаж музейд монголчуудын бичиг захидлын түүхийн чухал дурсгал бичиг болон хадгалагдаж байна. Мөн 1246онд Ромын пап ламтан IV Инноцентээс алдарт жуулчин Плано Карпин-аар илгээсэн Гүег хааны захидал эүгээ Ватиканд нандигнан хадгалсаар байгаа билээ. Уг захидал араб хэлээр, перс бичгээр байдаг ажээ. Эдгээр захидлын агуулгыг дам болон судалгааны зохиол бүтээлээс үзэхэд улс төрийн болоод албаны захидал бичгүүд болох нь илэрхий байна. Бидэнд мэдэгдэж буй монгол хэл, бичгээрх албан харилцааны анхны бичгүүд нь 1295 онд Ил хаан Аргун, 1306 онд Ил хаан Өлзийт нараас Францын ван Гоо Филлиппэд илгээсэн захидлууд болно. Энэ мэтчилэн олон арван албан бичиг, захидлыг нэрлэж болох бөгөөд эдгээр нь өдгөө олон орны монголч эрдэмтдэд монголын түүх, улс төр, хэл, соёлыг судлан шинжлэхэд чухаг эх хэрэглэгдэхүүн, мэдээ сэлт болсоор байгаа билээ. Тухайлбал монголч эрдэмтэн Котвич Владислав, эрдэмтэн Я. Цэвэл, Б. Сумъяабаатар, С. Идшинноров, А. Мостарт, Ф.В.Кливез нарын зэрэг эрдэмтэн судлаачдыг нэрлэж болно. Эдгээр судлаачид уг албан захидлуудыг монгол хэл, үсэг зүй, түүх соёл, улс төр, гадаад харилцааных нь талаар багагүй судалсан байна. Тэдний судалгаанаас үзвэл Монголчуудын албан бичиг нь захидлаас үүсэлтэй бөгөөд эдгээр захидлууд нь агуулгын хувьд улс төрийн болон албан харилцааны бичгүүд болох нь тодорхой байна. Тиймээс Монголчууд албан бичиг хэргийн эртний уламжлалтай улс гүрэн болох нь илэрхий юм.


Албан бичгийн тухай
 Бидний албан харилцаанд байнга хэрэглэгдэж байдаг, стандартад заасан тусгай бүрдлүүд бүхий баримтжуулсан мэдээлэл буюу баримт бичгүүдийг албан бичиг гэнэ. Аливаа мэдээллийг стандартад заасны дагуу зохих бүрдлүүдийг ашиглан, зааврын дагуу боловсруулж, албан ёсны болгох явцад тэрхүү мэдээлэл нь албан бичиг болон хувирдаг байна. Албан бичиг нь тамга тэмдгээр баталгаажсан байхаас гадна цаасан дээр буулгасан, өөрөөр хэлбэл цаасан суурьтай байдаг.

Албан бичгийн найруулгын тухай
Албан бичгийн найруулгыг монгол хэлэнд биеэ даасан төрөл болгон үздэг. Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн найруулга гэнэ. Улс, нам, олон нийтийн байгууллагын хооронд, эдгээр байгууллага иргэдийн хоорондын харьцаанд хэрэглэж байгаа тогтоол, зарлиг, тушаал, захирамж, албан даалгавар, удирдамж, протокол, албан тоот, төлөвлөгөө, тайлан, илтгэл, акт, гэрээ, тодорхойлолт, мэдээлэл, хууль дүрэм, заавар, өргөдөл зэргийн хууль эрх, гадаад харьцаа, санхүүгийн баримт бичгийн хэл найруулга хамаарна. Эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн онцлогтой байхын зэрэгцээ нийтлэг шинжтэй байдаг бөгөөд уг шинжээр нь найруулгын нэгэн төрөл болгодог. Албан бичгийн хэл нь утга зохиолын хэлэнд хамаарч, түүний хэм хэмжээг нарийн чанд баримталж байх ёстой.
 Төрийн ёсны хэл

“Төрийн албан ёсны хэл” гэдэг нь орчин цагийн утга зохиолын болон аман ярианы хэлийг, төрийн албан ёсны хэм хэмжээ гэж орчин цагийн монгол утга зохиолын хэлний зүй тогтол, хэл бичгийн дүрмийг ойлгоно. Албан бичиг хөтлөлтөд төрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ. Баримт бичгийн хэл найруулга нь утга төгөлдөр, товч тодорхой, засваргүй, этгээд болон бүдүүлэг үг хэллэг хэрэглэлгүй зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн байна.

No comments:

Post a Comment